Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд газар дээр нь ажиллаад ирсэн ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийн тухай, “Хужирт Эрдэс Баялаг” ОНӨУТҮГ, “Онги-Ус суваг” ОНӨХХК, “Хархорин-Ус суваг” ОНӨХХК, “Өв агро гурил тэжээлийн үйлдвэр" ОНӨХХК, “Өв эко мийт” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг 15 асуудлыг дарааллын дагуу хэлэлцэж, хуралдаан үргэлжилж байна.
Дээрх орон нутгийн өмчтэй газруудын асуудлыг хэлэлцэх явцад менежментийн шинэчлэлтэй холбоотой нийтлэг асуудал байгааг зөвлөлийн гишүүд хэлэв. Тухайлбал, “Өв эко мийт" компани гэхэд мал махны чиглэлээр малчдад чухал хэрэгцээтэй ч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа бол “Өв агро”гурил тэжээлийн үйлдвэрт тариалангийн газрын асуудал тулгамдаад байгаа зэрэг шийдлээ хүлээж байгаа нөхцөл байдлаа танилцуулав. “Хархорин-Ус суваг" компанийн тухайд шинэ цэвэрлэх байгууламж, бохирын машин, ажлын байр зэрэг хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг хэлсэн бол “Хужирт эрдэс баялаг" улсын үйлдвэрийн газрын тухайд байгалийн шавхагддаг баялаг болох эмчилгээний шаврыг хэрхэн үр ашигтай хуваарилах тухай бодлого зайлшгүй шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдав.