Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Бөөрөлжүүт 6 дугаар багийн өдөрлөг зохион байгуулагдлаа.

2024-07-20

            Бөөрөлжүүт дугаар 6 дугаар багийн өдөрлөг 07 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн үеэр Чойрдацан хийдийн лам хуваргууд ном айлдаж, Бөөрөлжүүт 6 дугаар багаас сумын ИТХ-д сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, П.Мэндбаяр, Д.Батгэрэл, Ц.Чимэдсорогдон нар иргэдийн санал хүсэлтийг сонсч, цолгүй залуу бөхчүүдийн барилдаан, Өсвөрийн бөхийн барилдаан, "Хэн сайн айраг уух вэ?" тэмцээн, Сайхан морьтон хос шалгаруулах тэмцээн, хурдан Шүдлэн, Дааганы уралдаан, үдшийн цэнгүүнийг зохион байгууллаа. 

      Цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг ИТХ-ын төлөөлөгч Доржготовын Батгэрэл ивээн тэтгэсэн бөгөөд  А.Пүрэвдорж түрүүлж, Б.Гомбодорж үзүүрлэж, М.Дашсугар, Х.Бямбахишиг нар шөвгөрлөө. 

      Өсврийн бөхийн барилдааныг ИТХ-ын төлөөлөгч,  Пүрэвдоржийн Мэндбаяр ивээн тэтгэсэн бөгөөд  тус барилдаанд Н.Энхманал түрүүлж, Г.Сумъяабазар үзүүрлэж, С.Чойжамц, Э.Балхжав нар шөвгөрлөө. 

      Сайхан морьтон хос шалгаруулах тэмцээнд 6 хос оролцож тэргүүн байранд Я.Бат-Очир, Н.Пүрэвдолгор, дэд байранд А.Баатарбямба, Ш.Лхагвадулам, гутгаар байранд П.Өсөхбаяр, Т.Цэдэн-Иш нар шалгарлаа. 

     "Хэн сайн айраг уух вэ?" тэмцээний эрэгтэй төрөлд 51 иргэн өрсөлдөж тэргүүн байранд 04 секунд 81 долиор П.Санчирням, дэд байранд 05 секунд 48 долиор Түвшинтөр, гутгаар байранд 05 секунд 68 долиор А.Мягмарбаатар нар шалгарсан бол эмэгтэй төрөлд 31 иргэн өрсөлдөж тэргүүн байранд 07 секунд 98 долиор Н.Дорждулам, дэд байранд 08 секунд 17 долиор Л.Пүрэвдаш, гутгаар байранд 08 секунд 58 долиор Б.Үүрцайх нар тус тус шалгарлаа. Сонирхуулахад тус тэмцээний айраг уусан аяга 1.5л-ийн хэмжээтэй байсан юм. 

       Хурдан шүдлэн насны морьдын уралдааны байг Бөөрөлжүүт 06 дугаар багийн малчин Ч.Шэрчинсүрэн, сумын аварга малчин П.Адъяасүрэн, аймгийн аварга малчин Ц.Аръяадорж, Бөөрөлжүүт 06 дугаар багийн малчин Ш.Дуламсүрэн, Бөөрөлжүүт 06 дугаар багийн малчин Ч.Амгаланбаатар ивээн тэтгэж уралдааны түрүү магнайд Ваанчигийн хүрэн халзан, аман хүзүүнд Мөнхбаатарын хээр, айргийн гуравт Дашдондогийн хээр, айргийн дөрөвт Жамъянпүрэвийн зээрд халзан, айргийн тавд Болдын хул шүдлэн тус тус хурдаллаа. 

      Хурдан дааганы уралдааны байг Бөөрөлжүүт 06 дугаар багийн Засаг дарга Ц.Даваадаш, сумын аварга малчин Д.Авидцэрэн, Сумын аварга малчин Б.Ариунболд, Бөөрөлжүүт 06 дугаар багийн малчин Г.Дэлгэрдалай, сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Энхбат нар ивээн тэтгэсэн юм. Уралдааны түрүү магнайд С.Ваанчигийн зээрд халзан, аман хүзүүнд Баярсайханы хар, айргийн гуравт Дамдинсодовын халиун, айргийн дөрөвт Ренчилхүмбийн сартай зээрд, айргийн тавд Маналын хар даага тус тус хурдаллаа. 

        Баяр наадмын дараа 20:00 цагаас сумын Соёлын төвөөс үдшийн цэнгүүнийг зохион байгуулж тус багийн иргэд бүтэн өдрийн турш сайхан наадлаа. 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 59
24 / 41%
14 / 24%
18 / 31%
3 / 5%
0 / 0%