Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ХАНБАЯН УУЛЫГ ТАЙХ, ТАХИХ ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-23

        Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 08/13 дугаар тогтоолоор Ханбаян хайрхныг 3 жилд нэг удаа тайж, тахиж байхаар шийдвэрлэсэн бөгөөд ээлжит тахилгыг 05 дугаар сарын 23-ний бурхан багшийн их дүйчин өдөр, зуны эхэн сарын шинийн 15-ний өдөр зохион байгууллаа.

Тус тахилгын арга хэмжээг Уянга сумын ИТХ, ЗДТГ, Ганданцээпэллин хийд, Чойрдацан хийд, Бат-Өлзий сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Тахилгын арга хэмжээнд Уянга сумын ИТХ-ын дарга Г.Сангилэг, Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын төлөөлөл, Ганданцээпэллин,          Чойрдацан хийдийн лам хуврагууд, Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Ц.Чинбаяр, Засаг дарга С.Амгалан, ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын төлөөлөл, хоёр сумын сүсэгтэн олон нийт 100 гаруй хүн оролцсон юм.  

 Тахилгын арга хэмжээг Уянга сумын Засаг дарга Б.Бямбадорж, Бат-Өлзий сумын Засаг дарга С.Амгалан, нар нээж үг хэлсэн бөгөөд Уянга сумын Засаг дарга Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “... Хаан суудалтай, сумын тахилгатай Ханбаян хайрхан, Хатан баян уул есөн эрдэнийн орон дэлхий минь ээ: Хүмүүн бүрд хишиг буянаа хайрлаж, Хамаг түмэн хөгжин дэвшихүйн зохилдох нөхцөлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, гурван зундаа хур бороогоо асгаруулж, дэлхийг дэлгэрүүлж, олныг амаржуулж, түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг арвитгаж, эдийн тэнгэрийг дуудаж, золбоо хийморийг бадрааж, зориг зүрхийг чангалж, бие сэтгэлийг ариусган алдаршуулж, ёс бусыг тасар татаж, буруу хатууг ч даван дийлж, Эрхт төрийг бататгаж тэнхээлэг их авьяас ухаан, эрүүл энх, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрла аа” хэмээн хоёр сумынхаа ард иргэдийг даатгасан юм.

Мөн тус тахилгын үеэр Нум сум тавих ёслолыг Уянга сумын Засаг даргын орлогч Т.Болдбаатар, Бат-Өлзий сумын ЦТС-ын монтер Г.Санжидсүрэн нар үйлдэж, Уянга сумын ИТХ-ын дарга Г.Сангилэг, Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Ц.Чинбаяр нар Бат-Өлзий сумын Улиастай багийн Засаг дарга Г.Дэмиддагва, Уянга сумын Таац 2 дугаар багийн малчин Д.Цэрэн-Очир нарын хурдан хүлгийг сэтэрлэх ёслолыг үйлдэж хангай дэлхий, Ханбаян хайрхандаа ард олноо даатгасан юм.

 Тахилгын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос Бат-Өлзий сумын харьяат аймгийн заан Т.Идэрдорж түрүүлж, Бат-Өлзий сумын харьяат сумын заан Т.Мягмардорж үзүүрлэж, Уянга сумын харьяат сумын заан Д.Мөнхтогтох, залуу бөх О.Отгонсүрэн нар шөвгөрлөө.

Тахилгыг зохион байгуулахад ивээн тэтгэж, хамтран ажилласан Уянга сумын Таац 2 дугаар багийн сумын аварга малчин Баярлхагвын Баасандорж, "ЭМААР ГОУЛД ХХК"-ний захирал Аюушжавын Очирсүрэн нарт гүн талархал илэрхийлье. 

          Тахилгын арга хэмжээний төгсгөлд 2027 оны Ханбаян уулыг тайх, тахих ёслолын арга хэмжээний хүчит бөхийн барилдааны байг Уянга сумын Шуранга 4 дүгээр багийн сумын сайн малчин Цэрэндоржийн Даваадорж даахаар болсон юм.

 

ТАХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН УЯНГА СУМЫН ИТХ, ЗДТГ, ГАНДАНЦЭЭПЭЛЛИН ХИЙД, ЧОЙРДАЦАН ХИЙД, БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИТХ, ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН, ТАХИЛГАД ОРОЛЦСОН ИРГЭД, НУТГИЙН ЗОН ОЛОНДОО ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 65
27 / 42%
16 / 25%
19 / 29%
3 / 5%
0 / 0%