ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ТАНИЛЦУУЛГА.
Өвөрхангай аймгийн Уянга сум Хангай, тал хээр хосолсон 313,9 кв.км нутаг дэвсгэртэй. Далайн түвшинээс дээш 1700-3305 м өргөгдсөн. Онги, Таац зэрэг Хангайн нуруунаас эх авсан томоохон голуудтай. Нутаг дэвсгэрийн 30 гаран хувийг ой мод эзэлдэг. Өвөрхангай аймгийн төвөөс баруун хойш 61 км зайд байрладаг. Улаанбаатар хотоос 492 км зайд оршдог. Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Нарийнтээл , Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан , Тарагт, Хайрхандулаан сумдуудтай хиллэдэг. Алслагдсан Жаргалант баг нь сумын төвөөс 60 км, аймгийн төвөөс 100 зайд оршдог. Хангайн нурууны уулс шинэсэн ойгоор бүрхэгдсэн, зүүн хойт хэсэгтээ хушин ойтой, нутаг дэвсгэр нь уул,гүвээ толгод бүхий тал хээр хосолсон. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир ширүүн өвөлтэй. Алт ,эрдэнийн чулуу, хүрмэн чулуу зэрэг байгалийн баялагтай. Өндөр уулын бут, сөөг, хаг , хөвд өвс, өлөн алирс бүхий ойн уулсын бэл хөндийгөөр алаг өвс, жижиг үетэн, ерхөг голлосон ойт хээрийн ургамалтай. Буга , янгир, аргаль, угалз, бор гөрөөс, хүдэр, гахай, чоно, үнэг, хярс, мануул, шилүүс, өмхий хүрэн, тарвага, зурам, хэрэм ,жирх зэрэг ан амьтантай үүнээс аргальугалз, гахай хүдэр маш ховордсон. Янгир өсөж байгаа. 14 төрлийн жигүүртэн амьдардаг . Үүний дотроос хойлог, ятуу, ахууна, самрын бахираа нэн ховордсон. Бүргэд ,тас, шонхор ,сар зэрэг махчин шувууд бий. Олон төрлийн усны шувууд ирж зусдаг. Тус сум хангайн нурууны Жаргалант, Тооройт, Ив зэрэг далайн түвшнээс дээш 3305 метр өндөр өргөгдсөн уулс Таац,Онгийн голын хөндий, Үзэсгэлэнт хүйсийн Найман нуур, Шурангийн бичигт тайхар цохио, Харуулын шивээ овоо, Түрэгийн үеийн Эльтрис хааны дурсгалын цогцолбор, номхон Цагаан Увшхай, Хэцүүгийн амны эртний агуй, Хар хадны сүг зураг, Бадралын гүзээ чулуу, Намгийн дэнжийн буган хөшөө гэх мэт байгалийн сонин тогтоц, түүхийн дурсгалт газрууд олон нутаг юм. Уянга сум бол Сайн ноён хан аймгийн Сайн ноёны түүх соёлын биет болон биет бус асар их өвийг авч үлдсэн нутаг. Энэ нутагт Гэрсэнзийн удмын 14 хан угсаа залгамжлан сууж аймаг, хошууны үйл хэргийг хичээнгүйлэн явуулж байсан түүхтэй. Монгол төрийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тууштай тэмцэгч Монгол Улсын анхны ерөнхий сайд, Сайн ноён хан, хошой чин ван Төгс-Очирын Намнансүрэнгийн төрж өссөн, үйл ажлаа эрхлэж явсан нутаг. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн түүхэн гавъяа зүтгэл Уянгачуудын хамгийн том бахархал болж байдаг. Уянга сумын одоогийн төв байрлаж буй энэ сав газар нь Сайн ноён хан аймгийн төв, сайн ноёны хошууны төв байсан түүхтэй. Сайн ноёны хошуу нь 1655 онд үүсэн байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ цаг хугацааг сумын үүсэл хөгжлийн эх хэмээн бид онцлож авсан. Уянгачууд нь эртнээс нааш цэвэр халх үндэстний уугуул нутаг бөгөөд цөөн тооны буриад, төвд хүмүүс оршин сууж байсны үр ач, гуч нь өнөөг хүртэл амьдран сууж байна. Тус хүрээнд 1665 онд анхны хурлын дацан, 1681 онд Эрээтийн хийд, 1690 онд арван догшидын 2 жас буюу Ганданжанчивлин, Ганданшаддублин хийдүүд, Монгол эмийн үйлдвэр байгуулагдаж улмаар Онгийн хүрээ буюу “Өлзийг бадруулагч” хийд болон өргөжсөн түүхтэй. Сайн ноёны хошуу нь 1924 оноос Хан хөгшин уулын хошуу нэртэйгээр одоогийн Уянга сумын төвд төвлөрч байгаад 1931 онд засаг захиргааны шинэчлэлээр 7 сум болон хуваагдаж тус тус бие даасан нэгж болжээ. Эдгээр сумдын нэг нь Уянга сум болон хөгжсөн. “Уянгын урлал”, “Уянгын цоохор мод”, “Уянгын сүү, цагаан идээ”, “ Уянгын дуу хуур”, “ Уянгын түм түмэн сарлаг”, “Уянгын түмэн тугал”, Уянгын алт...” гээд бүгд л түүхийн алтан хуудас болон үлдсэн..
Энэ мэт түүх соёлын өв уламжлал Уянга суманд болон Уянгачуудад бий бөгөөд уламжилан авч, улмаар хөгжүүлж ирсэн түүхтэй. Мөн түүхийн онцгой хүнд үед Уянгачууд нь сүм дуган нурааж, судар номыг галдан шатааж, лам хуваргуудыг олноор нь хомроглон баривчилж, хилсээр яллахыг үзэж, шашин соёлынхоо үнэт зүйлээс хагацаж байжээ. Сайн ноёны хүрээнд сууж байсан 2000 гаруй лам нарын 80 хувь нь их бага хэмжээгээр улс төрийн хэлмэгдэл амссан бөгөөд тэднээс 800 орчим нь хуулийн дээд хэмжээ авсан байдаг. Энэ аймшигт үйл хэргийн гуниг харуусал, айдас хүйдэс Уянгачуудын зүрх сэтгэлд бий. Энэ ч чанараараа Уянгачууд 1990 оны Ардчилсан хувьсгалыг баяртай хүлээн авч удаа дараагийн сонгууль хийгээд улс төрийн бусад үйл хэрэгт идэвхтэй оролцож ирлээ. Уянга сум бол ардчилалд үнэнч яваа Монголын цөөхөн “цэвцэнхэр” сумын нэг.
Уянгачуудын ахмад дээд үе 1938 оноос эхлэн гэрийн модны үйлдвэрлэл явуулж, өнгө будгийн донж маягаар өөрийн брэндийг буй болгосон. “Уянгын цоохор мод” нь одоо ч алдартай хэвээрээ байна. Энэ бол Уянгачуудын ур ухааны гайхамшиг. Мөн Уянгачууд 1942 оноос эхлэн сарлаг үхрийн сүү шимийг үйлдвэрийн аргаар боловсруулан цөцгийн тос үйлдвэрлэх, нөөцлөх талаараа шинэ алхам хийж бас нэг брэнд бүтээгдэхүүнийг буй болгосон юм. Улмаар сарлаг үхрийнхээ тоог эрс нэмэгдүүлж 1977 онд гурван түмэн үхэртэй болж улсад тэргүүлж, 1979 онд түмэн тугал бойжуулж баяр хийн сүргийнхээ хишиг буяныг мялаан баясгасан билээ. Уянга сумын энэ туршлагыг судлахаар улсын хэмжээний 350 шилдэг үхэрчид тус суманд 1980 онд ирж тусгай зөвөлгөөн зохион байгуулж байлаа. Энэ үед Уянга сум улсад 120 гаруй тонн цөцгийн тос тушааж нэгдлийн мөнгөн орлого 9.3 саяд хүрч байсан юм.
Энэ нь тухайн үедээ маш өндөр амжилт байлаа. Сааль сүүний энэ ажлыг 400 орчим саальчин хавар, зун , намрын сард гардан гүйцэтгэж байсны дотроос улсын аварга саальчин зургаа, улсын аварга үхэрчин зургаа тус тус төрсөн юм. Аймаг , сумын аваргын болзлыг нийт саальчдын 30 орчим хувь нь биелүүлж байлаа. Саальчдаас гадна хоньчин П.Галсан-Ёндон, Д.Цагаанбанди, Л.Цэрэнсодном, Ц.Чойгийжанцан, Ц.Цүлтэм нар улсын аварга, хошой аварга цол хүртэж түмэн цагаан хониор сүргийн бэлчээр тэлж байлаа. Ингэж хөдөлмөрийн эрч хүчээр буцалж байсан, одоо ч буцалж байгаа хөдөлмөрийн фронтоос сүү тосны заводын эрхлэгч П.Лонжид, хоньчин П.Галсан-Ёндон нар Хөдөлмөрийн баатар болж, Улсын аварга 19, Улсын сайн малчин болон Мянгат малчин 30 орчим төрөөд байна.
Уянга сум өнөөдөр байгаль орчныг хамгаалах, баялагыг зохистой ашиглах талаар өөрийн туршлагыг буй болгож алт олборлолтын томоохон ажлыг хуулийн дагуу явуулж байгаа том сум. Олон хүнийг ажлын байраар хангаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа сайн үйлс Уянга сумын нэрээр өрнөж байна.
Уянга сумаас олон арван эрдэмтэн мэргэд, зохиолч, инженер, эмч, багш нар төрөн гарч улс, аймагтаа нэр алдараа дуургасаар ирлээ.Тухайлбал МУ-ын гавьяат багш Рааш-Онолт, Д.Пунцагдорж, А.Батжаргал, С.Баянжаргал, Г.Нарантуяа Н.Баяртогтох, Г.Сүхбат, Ё.Соёлмаа ,Л.Лхагвадолгор, ШУ-ны гавьяат ажилтан Б.Лувсанданзан, хүний гавьяат эмч Ц.Дамба, Д.Наваан, Н.Цогбадрах, М.Батжаргал алдарт дуучин, гавьяат жүжигчин Д.Янжинлхам, гавьяат холбоочин Т.Одсүрэн, Г.Баттогтох, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Н.Даваадаш, сэтгүүлч С.Мөнхдалай, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Орхон, гавьяат тамирчин Т.Цэрэндолгор,спортын гавъяат дасгалжуулагч Д.Лхагва, гавъяат барилгачин Л.Бат-Орших, Д.Лхагвасүрэн , аж үйлдвэрийн гавъяат ажилтан Г.Дорж, гавъяат уурхайчин Д.Орги нар болон академич Я.Ганболд, Г.Сүхбат, доктор Ж.Оюунцэцэг /ShD/, Г.Жамбалсүрэн /PhD/ Г.Цэдэндаш /PhD/ Н.Цогбадрах /PhD/ Ж.Хашбат /PhD/, Т.Очирбат /PhD/, Б.Оюунчимэг/PhD/, Ш.Сэрчмаа/PhD/, улсын харцага Х.Гантулга, улсын манлай уяач Ч.Бямбасүрэн, улсын алдарт уяач Б.Даваадорж, Г.Ариунболд, шагайн харвааны Монгол улсын үлэмж дархан мэргэн Г.Бүддорж, улсын мэргэн Б.Мөнхзаяа зэрэг алдартнууд төрөн гарч, үе үеийнхэний төлөөлөл болон сум орныхоо нэрийг өндөрт өргөж ирсэн юм.
Сум Засаг захиргааны нэгж нь Жаргалант, Таац, Шивээ-Овоо, Шуранга, Бадрал, Бөөрөлжүүт, Өлт, Онги гэсэн 8 багтай.
Хөдөөгийн 6 багууд бүгд багийн төвлөрсөн төвтэй болсон. 9720 хүн амтай. 2780 өрхтэй. Хөдөлмөрийн насны 5082 хүн амтай үүнээс эмэгтэй 2483 , хөдөлмөр эрхэлдэг 4168 хүнтэй үүнээс мал аж ахуйд 2920 , төсвийн байгууллагад 324, ажиллаж байна. Төсвийн байгууллагад ажилллагсадаас боловсролын салбарт 238, эрүүл мэндийн салбарт 41, бусад салбарт 45 хүн ажиллаж байна.
Сумын эдийн засгийн хөгжлийн гол үндэс нь мал аж ахуйн салбар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, цаашид байгалийн баялагаа түшиглээд үйлдвэр, үйлчилгээ хөгжүүлэх давуу талтай. Төвийн эрчим хүчний сүлжээнд 1993 оноос холбогдсон. Сумын төвөөс 60 км алслагдсан Жаргалант баг 2012 онд төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон . Үүрэн телефоны 4 оператор үйл ажиллагаа явуулдаг. Үүнд скайтель, мобиком, юнитель, жи-мобель зэрэг ажиллаж байна. Хөдөөгийн багуудыг үүрэн телефоноор холбохын тулд бүх багуудын өндөрлөг цэгт юнитель, жи мобиль, Мобикомын антент 8 цэгт суурьлуулсан.
Сумын сүсэгтэн олны хүсэлтээр 1990-д он эхэн үеэс хүрээ хийдээ сэргээх үйл явц өрнөж эдүгээ Ганданцэмплэн хийд, Чойр дацан зэрэг шашин номын үйл явуулж эдгээрт 30-д лам хувраг шавилан сууж байна.
Төрийн үйлчилгээний байгууллагууд: Тус сумын төвд Эрүүл мэндийн төв нь их эмч 11 , багийн эмч-4 ,эмнэлэгийн нийт 35 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулдаг, Алслагдсан Жаргалант багт Хүний их эмчийн салбар ажилладаг. Үүнд их эмч 1, эмнэлэгийн бага эмч мэргэжилтэн ажиллагасад нийт 10 хүн ажилладаг. Ерөнхий боловсролын 12 жилийн 3 сургуультай нийт 182 багш, ажиллагсад ажиллаж, 1823 хүүхэд суралцаж байна. суманд 100 хүүхдийн дотуур байр 2 ажилладаг түүнд нийт 224 хүүхэд аж төрж байна. Суманд төрийн 3 цэцэрлэг 47 багш ажиллагсадтай ажилладагийн нэг нь Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг эдгээр цэцэрлэгт 694 хүүхэд хамрагддаг. Мөн 1 хувийн цэцэрлэг ажиллаж байна. Сумын Соёлын төв нь 400 хүний багтаамжтай соёлын төвийн барилгатай , 6 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулдаг. Насан туршын боловсролын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын ИТХ, ЗДТГ, орон нутгийн өмчит Бизнес хөгжлийн төв, Тус суманд сум дундын цагдаагийн тасаг 6-7 ажилтантай ажиллаж байна. Төрийн байгууллагатай гэрээгээр ажилладаг нийтлэг үйлчилгээний ажилласад ажиллаж байна.
Суманд ажилладаг бусад үйлчилгээний салбарууд: Тус суманд үйлчилгээ үзүүлдэг салбаруудаас Сумын төвд ХААН банк 1, Төрийн банк 1, Эмийн сан 3, Хоногт 1 тн сүү үйлдвэрлэх чадал бүхий сүүний үйлдвэр -1, Талх нарийн боовны цех 2, хэрчсэн гурилын цех 2, хүнсний бөөний супер маркет дэлгүүр 3, бусад хүнсний дэлгүүр 15, барааны зах 1, сэлбэгийн дэлгүүр 2, барааны дэлгүүр 3, барааны лангуу 27, Зочид буудал 2, зоогийн газар ресторан 3, гуанз цайны газар 5, халуун усны газар 3, үсчин 6, оёдолийн цэг 5, Монгол буриад гутал үйлдвэрлэл,засвар 9, эсгий эдлэлийн урлал 1, модон эдлэлийн цех, үйлчилгээний цэг 9, орчин үеийн дизайн урлал 1, гар утас засвар 2, блярд тоглоомын газар 1, хэвлэл, компютерийн үйлчилгээ 3, гагнуур 4, авто засварын цэг 2, дугуй засвар 5, ШТС -3,түүхий эд хүлээн авах цэг 5 ажиллаж иргэдэд үйлчилдэг. Алслагдсан Жаргалант багт ХААН банк ,Төрийн банкны салбар тус бүр 1, эмийн сан 1, хүнсний бөөний дэлгүүр 1, хүнсний дэлгүүр 5, барааны дэлгүүр 2, гуанз цайны газар 2, халуун усны газар 1, үсчин 1, дугуй засвар 2, ШТС – 1, түүхий эд хүлээн авах цэг 2 тус тус ажиллаж байна. сумын төв болон Жаргалант багийн төвд дулаанаар хангах үйл ажиллагааг хувийн компаниуд гэрээгээр хангаж түүнд 10 -д ажилтан ажиллаж байна.
Харилцаа холбооны салбар, цахилгаан шугам сүлжээний салбар, Сумын төвд холбооны салбараар дамжуулан телевизийн 10 гаран суваг, ДДШ, МОНГОЛСАТ -аар дамжуулан 90-100 гаран теливизийн суваг үзэж байна. . Шилэн кабельд сумын төв 2013 онд болон алслагдсан Жаргалант баг 2022 онд холбогдсон. 2 жи, 3 жи, 4 жи сүлжээ ажилладаг. Юнителийн суурин сүлжээ үйлчилдэг.
Тус суманд 10 гаран төрийн бус байгууллагууд ажилладаг. Мөн Ахмадын хороо 2, Ахмадын өргөө -1, бөхийн өргөө -1, шагайн өргөө 1 ажиллаж байна. Сумын төвд Сайн ноён хан Т,Намнансүрэнгийн талбайд Т.Намнансүрэнгийн хүрэл хөшөө , соёмбот хоёр багана сүндэрлэн байдаг. Мөн сайн ноён хан Т.Намнансүрэнгийн музей 2015 онд ашиглалтанд орсон. Сумын төрийн хүндэтгэлийн өргөөтэй.
Соёл амралтын хүрээлэнд хөл бөмбөг,сагс, талбайн тенисс, волеболын талбай бүхий спортын цогцолбор, хүүхдийн тоглоомын цогцолбор үйл ажиллагаа явуулдаг. Хүндэтгэл бахархалын шүтээн цогцолборт тус сумаас төрсөн хөдөлмөр, урлаг, спортын шилдэгүүдийн танилцуулга, сумаас төрсөн ажнай хурдан хүлэгүүдийн хөшөө дурсгалуудтай.
Сумын төвөөс алслагдсан Жаргалант багт 2 багийн хүн ам төвлөрч байдаг. Тэнд 12 жилийн ЕБС -д 375 хүүхэд суралцдаг, 50 хүүхдийн зориулалттай СӨББ -д 113 хүүхэд хамрагдаж байна. ,Дотуур байранд 121 хүүхэд амьдардаг. 10 ор бүхий их эмчийн салбар, багуудын төв соёл спортын цогцолбор, ХААН, Хадгаламж банкны салбарууд, ШТС-1 , дэлгүүр худалдаа бөөний цэг-6 ажиллаж байна.
Тус сум 2022 оны эцсийн байдлаар 311552 малтай. Үүнээс тэмээ -13 ,адуу- 28809, үхэр-57704, хонь-146275, ямаа -78751. Мал аж ахуйгаас мах, ноос, хөөвөр, арьс, шир, сүү өрөм, ааруул, аарц зэрэг ХАА-н бүтээгдэхүүн боловсруулан ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд сайн үүлдрийн сүү сайтай үхэр өсгөх хөдөлгөөн өрнөж одоо 20-аад өрх 4-20 саалийн үнээ сааж сумын төвийн иргэдийн хэрэгцээг өвөл зунгүй хангаж байгаа. Сүүлийн жилүүдэд нөхөрлөл хоршоод, зарим олон улсын байгууллагын дэмжлэгээр төмс хүнсний ногооны талбай хашаажуулж нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах үйл явц эхлэж байгаа. 2022 оны байдлаар 13,1 га талбайд малын тэжээл, 11,6 га талбайд төмс, 2,6 га талбайд хүнсний ногоо, 0,3 га талбайд жимс жимсгэнэ тариалан хураан авсан. Ой модтой газраа дагаж 7 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.
Өвөрхангай аймгийн Уянга сум нь үүсэн байгуулагдсан цаг үеээсээ хойш хүн ам ,газар нутаг,эдийн засгийн боломжоороо Өвөрхангай аймаг, улс орондоо тэргүүлэх зэрэгт байж түүхэн хугацаандаа аймгийн болон улс орны эдийн засаг хөгжил, цэцэглэлтэнд томоохон хувь нэмэр оруулж ирсэн сум билээ. Нийгмийн аливаа өөрчлөлт шинэчлэлийн үед ч манлайлагч нь байж ,тэргүүн эгнээнд явж бусдыгаа үлгэрлэн дууриалсаар ирсэн билээ. Хүн ард иргэд түмнийхээ амьдрал үйлс, сайн сайхны төлөө зориулсан байгуулсан зүтгэл гавъяа цаглашгүй билээ. Уянгачууд үеийн үедээ эрдэм мэдлэг, авъяас билэг,хөдөлмөрч чанараараа дуурсаж, улс орныхоо хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Уянгачуудын түүхэн он цагийн уртад бүтээсэн бүтээл, хичээл зүтгэл, гавьяат үйлсийг үнэлэн үзэж сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасан билээ.